Эдийн засгийн эрх чөлөө хүний эрхээ хэрэгжүүлэх гол нөхцөл
Өнгөрсөн сарын 11-ны өдрөөс эхэлсэн “Эдийн засгийн эрх чөлөө Монголд байна уу” сэдэвт цахим хэлэлцүүлэг маргааш өдрийн 17 цаг хүртэл үргэлжилнэ. Уг хэлэлцүүлгийг зохион байгуулж буй “Залуу судлаач-Ирээдүйн Манлайлагч” сан, www.MongolForum.mn, MIH групптэй “Mongolian Economy” сэтгүүлийн баг хамтран ажиллаж байгаа. Уг хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуульч Б.Цэцэнбилэгийн бичсэн нийтлэлийг уншигч танд хүргэж байна.
Жан Жак Руссо “Хэсэгхэн газрыг энэ миний газар хэмээн хамгийн түрүүнд хашаа татан хязгаарласан тэр хүн иргэний нийгмийг жинхэнэ ёсоор үндэслэгч мөн” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ бол өмчийн тухай, өөрийн өмчийг баталгаажуулж хамгаалах тухай ойлголт юм. Өмч үгүй бол бидний бүхий л харилцаа хуурмаг хэлбэр лүү шилжиж, зохиомол нийгэмд амьдрана гэсэн үг. Тэгэхээр өмч бол хүний эрхийг хэрэгжүүлэх суурь үндэс болно.
Эдийн засгийн эрх чөлөөний хамгийн гол үндэс нь өмч бөгөөд энэ утгаараа эдийн засгийн эрх нь хүний эрхийн гол цөм нь байдаг.Эдийн засаг гэж юу вэ? Эдийн засаг нь бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Үүнийг өөрөөр хязгаарлагдмал баялаг нөөц хязгааргүй хэрэгцээ хоёрын хоорондын хамаарал, уялдаа балансыг судлах ухаан ч гэж нэрлэх нь бий.
Хүний эрхийг хүний сайн сайхан байдал гэж ойлгох нь хамгийн хялбар арга юм. Хүний эрхийг эдийн засагтай холбож ойлгоход сонгох, хэрэглэх эрх чөлөө бас чөлөөт өрсөлдөөн гэсэн ойлголт та бидэнд төрдөг. Эдийн засгийн хувьд бие даасан байхын хэрээр бид өнөөгийн нийгэмд хүссэн зүйлээ худалдан авч хүссэн үйлдвэрлэлээ эрхлэх боломж бидэнд нээгддэг. Энэ ч утгаараа Эдийн засаг, зах зээлийн систем нь эрх чөлөөтэй уялдаж байдаг болов уу? Зах зээлийн нийгэмд эрх чөлөөт байдал нь эдийн засгийн чадавхитай холбогдож байдаг. Чөлөөт сонголт хийх эрх чөлөө хэдий бидэнд байгаа боловч ямар ч орлогогүй бол бид энэхүү эрхээ хэрэгжүүлж чадахгүй билээ. Хэн илүү чадвартай, мэдлэгтэй нь өнөөгийн нийгэмд байр сууриа олж тэр чинээгээрээ өөрийгөө үнэлүүлж нийгэмд тодорхой хэмжээний байр сууриа олж авдаг. Үүнийг дагаад эдийн засгийн эрх чөлөөт байдал бий болдог нийгэмд бид амьдарч байна.
Хүн бүхэн энэ нийгэмд өөрийн гэсэн сайн сайхан зүйлийн бүтээхийг хүсэж үүнийгээ зорилгоо болгон энэ насаараа түүнийхээ төлөө зүтгэдэг. Энэ бол баялаг юм. Хүний хэрэглээ өөрөө хязгааргүй хүсэлтэй холбоотой байдаг.Яг үүнтэй холбоотойгоор Нобелийн Эдийн засгийн шагналт, Харвардын их сургуулийн профессор Амартяа Сэн “Эдийн засгийн эрх чөлөө гэдгийг зөвхөн чөлөөтэйгөөр эдийн засгийн харилцаанд оролцох эрх зүйн орчин биш, бас үүний хажуугаар, энэ боломжийг ашиглах эдийн засгийн чадавхи гэж ойлгох нь зүйтэй хэрэг” гэсэн санаа дэвшүүлсэн байдаг.Энэхүү тодорхойлолтоос үзэхэд эрх гэж зөвхөн нэг орчин биш тэр боломжийг ашиглах чадавхи бас байх ёстой гэсэн санаа гарч ирж байна. өмчгүй хүн бол алдах юмгүй хүн. Алдах юмгүй хүн бол аймшигтай.Тэгэхээр ядуурлаас эхтэй зовлон нь эрх чөлөөний хязгаарлалт болж байдаг. Хэрэв ядуурал шударга бус эдийн засгийн өрслдөөний улмаас бий болж байгаа бол тэр нь нийгмийн тогтвортой байдалд нөлөөлнө.
Энэхүү ядуурал газар авч байгаа сэтгэл түгшээм үр дүн биднийг эдийн засгийн тогтвортой байдалд хүрэх арга зам олохыг шаардаж байдаг. Өмчийг олж авах боломж эрх мэдэлтэй хэн нэгэнд илүү байгаад байгаа бол тэр нь шударга бус тогтолцоо бөгөөд тогтвортой эдийн засгийн харилцааг бий болгож чадахгүй. Хүмүүсийг эрх мэдэл рүү ухаан чөлөөгүй тэмүүлэх хүслийг бий болгож байгаа нийгэм хэзээ ч сайн байгаагүйг түүх гэрчилнэ.
Өмч гэдгийг ойлгохдоо эзмших ашиглах захиран зарцуулах эрх гэж ойлгодог. Гэтэл тухайн өмчийг олж авах боломж нь эдийн засгийн харилцаанд хамгийн чухал зүйл байдаг. Хуулийн дагуу өөрийн хэрэгцээний зүйлээ олж авах боломжийн тухай л ойлголтыг ярьж байна. Өөрөөр хэлбэл өмчийг бий болгох үйл явц. Өмчийг өөрөө бүтээн бий болгож болно, худалдаж авч, эсхүл арилжиж авч болно. Энэхүү боломж нь өмчтэй байх гол нөхцөл болдог тул эдийн засгийн харилцааны гол үндсэн хэсэг гэж үзэж болох байх. Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох үнэт зүйлсийн эрхийг олж авах бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж өмчтэй болох үндсэн асуудлыг хуульчилсан билээ. Өмчийн эрх нь хувь хүний хуулийн дагуу өмч хуримтлуулах боломж, түүний бүрэн хүчин төгөлдөр байгаа эсэх, тодорхой хуулиар хамгаалагдсан байдлаар үнэлж, тогтоогддог. Өмч хөрөнгөгүй хүн нь өөртөө хариуцлагатай хандаж чаддагүй урсгалаараа амьдардаг. Өөрийнхөө авьяас, цаг хугацаа, хүч хөдөлмөрийг заран байж бий болгосон баялаг нь зөвхөн тухайн хүнд л хамаардаг. Мөн хувийн өмч нь хувь хүнд төрөөс ангид чөлөөтэй байх боломжийг бий болгодог.
Эдгээрээс үзэхэд иргэн таны ажил хөдөлмөр болоод өмч хөрөнгөө захиран зарцуулах үндсэн эрхийг тань эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлэж байна. Зах зээлийн нийгэмд та хүссэнээрээ хөдөлмөрлөж, хөрөнгө оруулж, үйлдвэрлэж бас хэрэглэх эрхтэй. Харин энэ эрхийг төрөөс саад бэрхшээл учруулахгүйгээр дэмжиж байх үүрэгтэй. Хамгийн гол эрх юу вэ гэвэл санхүүгийн, эдийн засгийн эрх чөлөө гэж хэлнэ. Учир нь бид хэрэгцээгээ хангах шаардлагатай. Үүний үндэс нь эдийн засгийн эрх чөлөө юм.