Үндсэн хуулийн цэцийн дээр юу байдаг вэ?
Єнєєгийн улс гэрийг, бvр бvх улсыг шударга бусаар жолоодоцгоож байгааг эцсийн бvлэгт олж харлаа; адаглаад л тэдний хууль журмуудын байдлыг … засалцах боломжгvй. Ингээд надад жинхэнэ философийг магтан дуулахаас єєр юм vлдсэнгvй,
Платон
Би Монгол улсын иргэн. Үндсэн хуультай, Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, иргэний лардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгохоор тунхагласан Монгол улсын иргэн.
Үндсэн хууль тийм чухал зүйл мөн үү? гэж хэн нэгэн надаас асуувал би маш чухал зүйл гэж хариулна.
Яагаад гэвэл Үндсэн хууль гэдэг хуулиудын хууль юм. Тэгвэл хууль гэж юу юм бэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Хуулийг олон янзаар тодорхойлж болох ч миний хувьд хууль бол юуны өмнө “хууль нь нийгмийн гишүүдийн хоорондын тохиролцоо” гэдэг ойлголт илүү ойрхон тусаж байна. Тийм ч учраас хууль бидний эрхийг хязгаарлаж чадах тийм хүчин чадал бүхий хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичиг. Хууль төрийн албадлагын арга хэрэгсэлээр хэрэгждэг . Тиймээс хүний эрхийг, миний эрхийг тэр хууль эсвэл тэр хуулийг хэрэгжүүлж буй түшмэл зөрчиж болзошгүй учир хуулийн хууль болох Үндсэн хууль байдаг
Өөрөөр хэлбэл Үндсэн хууль бол төр иргэддээ хэрхэн ямар байдлаар хандах ёстой болохыг тодорхойлсон үндсэн “баримт бичиг”. Тиймээс Үндсэн хууль бол нийгэмд , иргэн бүрд нэн чухал хууль юм. Тэгвэл энэ хууль хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьдаг “манаач” заавал хэрэгтэй болно. Төрийн байгууллага, албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд тэр шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг нь тогтоож хүчингүй болгох үүрэг бүхий тийм “манаач” хэрэгтэй. Хэрэв тийм “манаач” байхгүй бол иргэд өөрийн Үндсэн хуульд заасан эрхээ хамгаалж чадахгүйд хүрнэ. Хаант, дарангуйлагч, коммунист гээд олон олон төрлийн засаглалтай орнуудад ийм хамгаалалт байдаггүйг бид мэднэ.
Ер нь Үндсэн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих тухай санаа нь төрийн эрх мэдэл хуваарилах онол болон дэлхий дахины анхны үндсэн хуулиудтай шууд холбоотой.
XVIII зууны үед Ш.Монтескье, Ж.Локк нарын сэтгэгчид төрийн эрх мэдлийг хуваарилах онолоо боловсруулж түүний үзэл баримтлалын дагуу 1787 онд АНУ болон Франц, Герман зэрэг орнуудын Үндсэн хуулиуд батлагдан гарсан байдаг.
Монтескьегийн үзлийн дагуу Францын хуульч-эрдэмтэн Б.Констант үйлажиллахааг Үндсэн хуулийн хяналтын онолыг бий болгон хөгжүүлсэн билээ. Тэрээр төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваасан нь ихээхэн ач холбогдолтой боловч тэдгээрт хөндлөнгийн хяналт зайлшгүй тавигдах ёстой гэж үзсэнээр үндсэн хуулийн хяналтын тухай асуудлыг анх гаргаж ирсэн гэж үздэг юм байна.
Ингэснээр аливаа улсын үндсэн хуулийн хэрэгжилтэнд дээд хяналт тавьж түүний хэрэгжих гол баталгаа болох Үндсэн хуулийн шүүх бий болох үндэс тавигджээ.
Монгол улсын хувьд бол тэр “манаач” нь Үндсэн хуулийн цэц юм. Үндсэн хуулийн цэцийг шүүх мөн эсэхэд одоог хүртэл судлаачид маргадаг. Харин би “манаач” гэж нэрлэж байна.
Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэц Монгол улсад Төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох эрхтэй цорын ганц байгууллага.
Харин Үндсэн хуулийн “манаач” маань үүргээ хэрхэн биелүүлж байгааг ямар хэмжүүрээр дүгнэж болох вэ? Үндсэн хуулийн хяналтийг хэрэгжүүлнэ гэдгийг юу гэж ойлговол зохилтой вэ?
Миний хувьд энэ удаа нарийн хуулийн заалт, онолын тухай бичихыг зорьсонгүй. Зүгээр иргэний, жирийн хуульч хүний хувьд дүгнэлт өгөхийг хүслээ.
Монгол Улсын Yндсэн хуулийн цэц 1992 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаас хойш 21 жил болсон байна.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар эцсийн шийдвэр гаргадаг учир “Үндсэн хуулийн цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг” гэх хэлц үг гэж болохоор хэллэг гарсан. Үнэхээр Үндсэн хуулийн цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг гэж үү?
Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй байна. Үндсэн хуулийн “манаач” болох Үндсэн хуулийн цэц маань миний дээр “бидний дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй, төр ч байхгүй, иргэн ч байхгүй“ гэх үзлээр үйл ажиллагаа явуулах учиргүй. Иргэдийн эрхийн баталгаа болсон Үндсэн хуулийн “манаач”-ын дээр иргэдийн эрх ашиг, заяагдмал эрх байх ёстой. “Манаач” Үндсэн хуулиар иргэдэд олгосон, баталгаажуулсан эрхийн эсрэг төрийн аливаа санаархал болгоныг таслан зогсоох тийм байгууллага байх ёстой. Ингэж чадахгүй бол тэр “манаач” байх шаардлага ч байхгүй байх.
Гэтэл одоо “манаач” иргэдийнхээ хуулиар ологогдсон эрх ашигийг хамгаалан ажиллаж чадаж байна уу?
Шударга байгаа эсэх дээр үнэлэлт өгөхөд хэцүү. Шударга байна гэж юу гэсэн үг вэ? гэдэгт эрт дээр үеэс л филсофичидын маргаан эхлээд одоог хүрэлт дуусаагүй байгаа. Тиймээс би дээр дурьдсан ганцхан хэмжүүрээр, ард түмний эрх ашиг, заяагдмал эрхийг хамгаалж чадаж байна уу үгүй юу? гэдэгт анхаарал хандуулж байна.
Хууль тогтоох байгууллагаас сүүлийн хэдэн жилд иргэдийн хувийн өмчийн эрхэд халдсан хэд хэдэн хуулиуд батлагдан гарлаа. Заримыг иргэд Үндсэн хууль зөрчсөн, бүүр тодорхой хэлбэл тэдгээр хуулийг баталж гаргасанаар Төр нь иргэдийн өмч өмчлөх эрхийг хамгаалах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн атлаа харин эсрэгээр нь буюу өмч өмчлөх эрхэнд халдлаа гэж үзээд Цэцэд гомдол гаргасан.. Гэтэл Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурал хууль батлах эрхтэй учир Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.
Асуудлыг ийм өнцгөөс харж, хандаж, шийдвэрлэх юм бол “манаач” маань нүдээ боогоод сууж байгаатай ялгаагүй. “Манаач” байна уу гэвэл байна. Гэхдээ нүд нь боолттой байвал хэрэггүй шүү дээ.
Мэдээж Улсын Их Хурал хууль батлах эрхтэй гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Үүнтэй санал нийлэхгүй байгаадаа иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж өргөдөл, мэдээлэл гаргаад байгаа юм биш. Гагцхүү тэр хууль Үндсэн хуульд нийцэж байна уу үгүй юу? Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчиж байна уу, үгүй юу? гэдэг дээр анхаарлаа хандуулан шийдвэр гаргах учиртай.
Миний өмчийг хууль тогтоогч хэзээ ч хамаагүй хууль гаргаад зүгээр булаагаад авчих боломжтой, тэрийг нь нөгөө “манаач” хараагүй юм шиг байвал би өөрийгөө ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж мэдэрч чадахгүй.
Аливаа маргааныг хуулийн дагуу шийдэж байгаа эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөхөд хэцүү байдаг. Энэ нь хуулийн зүйл заалтыг тодорхойлж байгаа ойлголтуудыг тайлбарлан ойлгохдоо хүмүүс өөр өөр байдагтай холбоотой. Шүүгч, маргаан шийдвэрлэгч нар бас ойлголтын зөрүүтэй байдаг учир цагаан дээр хараар бичигдсэн тэр хуулийн зүйл, заалтыг өөр өөрөөр тайлбарлан ойлгож, хэрэглэж, шийдвэрлэдэг. Гол учир нь энэ.
Яг л энэ шийдвэр гаргах торгон зааг дээр “манаач” нар минь суудаг бөгөөд энэ үед л тэд иргэд , тэдний эрх, эрх чөлөө, ашиг сонирхолыг тэргүүн зэрэгт тавьж шийдвэрээ гаргаж байхыг л би хүсэж байна. Хуулийн заалтыг ойлгож тайлбарлахдаа ч мөн адил.
Хүн төрөлхтний түүхэнд шударга шийдвэрийн сонгодог жишээ болсон нэгэн түүх байдаг. Мэргэн Саламон хаан дээр хоёр эмэгтэй ирээд нэг хүүхдийг хоёулаа миний хүүхэд гэж маргаад байж гэнэ. Соломон хаан хvvхдийг хоёр хуваахыг тушаадаг. Yнэн хэрэгтээ хаан хvvхдийг vхлээс хамгаалан єєрийнхєє шаардлагаас татгалзсанд нь хvvхдийг єгєхийг хvссэн бєгєєд яагаад гэвэл тэр эмэгтэй нь хvvхдийг vнэнээсээ хайрладаг байх ёстой гэж боджээ.
Эрхэм хүндэт Үндсэн хуулийн “манаач” нар минь. Та бүхэн дээр жирийн нэгэн ард, “ шүдээ хүртэл зэвсэглэсэн“ эрх мэдэлтэй албан тушаалтан хоёр очиж маргаанаа шийдвэрлүүлдэг. Энэ үед та шударга байж , таны дээр зөвхөн хөх тэнгэр бус иргэний, иргэдийн ЭРХ АШИГ байдаг юм шүү гэдгийг л хэзээ ч битгий мартаарай.